2012-03-25
Мэндлэх ёсон
Мэндлэх ёсон
Халхчуудын хүндэтгэлийн заншил нь нарийн дэг ёс, уламжлалт ёсонд насаар дүү хүн буюу гаднаас ирж буй зочин хүн эхэлж мэнд амар айлтгадаг бөгөөд хэрэв шинэ жил гарсаар уулзаагүй бол золгодог ажээ. Дүү хүн ахмад хүнийхээ тохойг дороос нь хоёр гардан хүндлэн золгодог. Халхчууд мэндлэх, мэндчилгээний баялаг хэллэгийг амьдрал ахуйдаа уламжлан өргөн хэрэглэсээр ирсэн заншилтай. Халхчуудын мэндлэх ёс нь жилийн дөрвөн улиралд зохицсон байхын хамт уулзсан хүнийхээ хийж буй ажил үйлсийг ерөөж, талархаж мэндлэх, улмаар амар амгаланг айлтгадаг аж. Халхчуудын дөрвөн улирлын байдлаар мэндлэх, үгсээс дурдвал:
Үүнд: Зуны улиралд Сайхан зуншиж (зусч) байна уу? Мал тарга авч байна уу? Ногоо цагаа элбэг үү?
Намрын улиралд: Тарган сайхан намаржиж байна уу? Мал сүрэг тарга сайн авав уу? Сөл ногоо сайн уу?
Өвлийн улиралд: Өнтэй тарган, өвөлжөөгөөр сайн байна уу? Зутрахгүй мэнд байна уу?
Хаврын улиралд: Сайхан хаваржиж байна уу? Өвөлдөө мал сүрэг тарган оров уу? Төл мэнд, сүрэг өсч байна уу? гэх мэтээр цаг улирал харгалзан мэндчилэх үгс нь монголчуудын эрхлэн адгуулж ирсэн мал сүрэг, аж ахуй өөдрөг байхыг эрхэмлэн дээдлэхийн билгэдэлтэй үргэлж холбоотой байсан ажээ.
Мөн хүний үйлдэн бүтээж буй хөдөлмөрийг ерөөж мэндчилэх ёс их өргөн уламжлагджээ. Жишээлбэл, унгас ноос савж буй хүмүүстэй:
- Саваа чинь шандас
Савсан ноос чинь мяндас болох болтугай! гэж ерөөн мэндлэхэд:
- Тэр билэг бат сайхан орших болтугай! гэж ерөөлийг хүлээн авснаа илэрхийлэн хариу талархдаг байна.
Сааль сааж байх үед:
- Хонь сүүтэй болог!
- Саасан сав дүүрэг!
Оёдол үйл хийж буй хүнд:
- Үйл бүт! Үйл уран болог!
Эсгий хийж байх үед ирсэн хүн:
- Дун шиг цагаан
Дурдан шиг артай болох болтугай!
- Бухын дух шиг бужийж,
- Азарганы сайр шиг
Арзайж байх болтугай! хэмээн ажил үйлсийг нь ерөөдөг ажээ.
Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь:
- Тэр ерөөл бат орших болтугай! Ерөөл шингэж байг (байтугай) гэх зэргээр хариу билэгддэг байв.
Мөн хурдан морь сойж буй уяачидтай мэндлэхдээ:
- Агт сайхан агсарч байна уу?
- Морь сайхан давхиж байна уу?
- Морь хурдалж байна уу? гэж ажил үйлсийн утгаар мэндэлдэг ардын уламжлал бий.
Халхчуудын мэндчилгээний ёсонд хээр тал, аян жин, нүүдэлд яваа үест зориуд зам тосон уулзаж, мэндчилдэг заншил элбэг байв. Тухайлбал, хонь хариулж яваа хүнтэй уулзахдаа:
- Хонин сүрэг сайхан тогтож байна уу? хэмээдэг бол үдэш хонины хүн ирэхэд:
- Хонь сайн хариулж, мал сайн тогтов уу? гэж асуун угтдаг.
Аян жинчид зам зуурт тааралдвал зөв талаараа зөрцгөөн,
- Аян замдаа сайн явж байна уу? нутаг хошуу хаагуур вэ?
гэх зэргээр хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой. Мөн "Ая зан юутай вэ?", "Хэрэг зориг бүтэмжтэй юу?" гэж найрсаг дотноор, ажил явдлын сэтгэлээр мэндчилнэ. Ийнхүү мэндлэхдээ эртний уламжлал ёсоор хөөргөөр тамхилдаг. Хөөргөөр тамхилдаг тамхийг "заяатай шар", "мэндний шар", "мэнд сайхны тамхи" хэмээн нэрлэж, эрэгтэйчүүд нандигнан биедээ авч явдаг ажээ.
Тэрчлэн хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудсан хүмүүс тамхилж:
Хонзонгоо арилгая,
Хоёр биедээ өс санахгүй явъя!
хэмээн эвлэрэх бэлэгдлийг илэрхийлж заншсан нь нэн эртний улбаа билээ
Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 13:43 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax